Байгаль дэлхийгээ хайрлан хамгаалцгаая

Гэр бүл бол нийгмийн үндсэн нэгж мөн

Аливаа нийгмийн үндсэн нэгж нь гэр бүл юм. Гэр  бүлийн амьдрал ямар байгаагаар тухайн улс орны хөгжлийг харж болно. Тиймээс  эрүүл саруул, элэг бүтэн, хоорондоо  эвтэй, элбэг хангалуун амьдралтай гэр бүлийг бий болгохын тулд нийгмээс анхаарч үзэх, шаардлагатай үед тусламж үзүүлэх нь төрийн нэг үүрэг мөн. Гэхдээ энэ нь төрөөсөө тусламж гуйгаад суу гэсэн үг биш бөгөөд гэр бүлийнхнээ сайн сайхан авч явахын тулд эцэг эхийн үүрэг хариуцлага их. Гэр бүл гэдэг эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн гэрлэлтээс үүсэн гардаг. Нэгэнт гэр бүл болоод гарсан бол нийгэмд бас өөрсдийнхөө эрх, үүргийг умартах ёсгүй. Айл гэр, гишүүн бүр хичээж байж л сая аз жаргалтай сайхан гэр бүл бий болно. Гэр бүл болж, өрх тусгаарлана гэдэг би, чи гэсэн хоёр амьдралаас бид гэсэн хамтын амьдрал руу шилжиж байгаа тул амин хувиа хичээж ганц өөрийгөө бодож амьдрахгүй, эхнэр, нөхөр, үр хүүхдээ бодож амьдрах ёстой. Эцэг эх нь хүүхдээ тэжээж, эрүүл саруул өсгөх, зөв хүмүүжүүлэх, мэдлэг боловсролтой болгох үүрэгтэй бөгөөд харин хүүхдүүд нь өсөж том болоод эцэг эхийгээ асарч хандах, тэжээн тэтгэх, түшиж тулах үүрэгтэй. Мөн гэр бүлийн гишүүд бие биедээ тус дэм болохоос гадна өөрсдийн ах дүү хамаатан садангууддаа туслах хэрэгтэй. Өрх тусгаарлаж гарлаа гээд тэднийг бас орхиж болохгүй. Тэгэхээр гэр бүл гэдэг зөвхөн нэг гэрт амьдарч байгаа хүмүүсээс гадна тэдний төрлийн хүмүүсийг мартаж болохгүй. Өөрсдөө сайн сайхан амьдралаа гээд төрөл саднаа мартвал, тусалж дэмжиж, харилцаа холбоотой байхгүй бол сайн зүйл биш. Гэхдээ төрөл садандаа тусалж байна гээд гэр бүлээ бас орхиж болохгүй. Хамгийн эхэнд таны гэр бүл, үр хүүхэд тань байх ёстой. Гэр бүлийн сайхан амьдрал зөвхөн эд хөрөнгө, баян чинээлэг байдал дээр тогтохгүй. Юуны түрүүн тэдний нандин харилцаа холбоо, хайран дээр суурилна. Мөн үүнээс гадна гэр бүлийн тодорхой хэмжээний санхүү, хүүхдээ хайраар дутаахгүй өсгөж, хүмүүжүүлэх, тэдний хэрэгцээ шаардлагыг хангах, тайван амьдрах орчинг бүрдүүлэх, санаа сэтгэл нэг байх, хоорондоо байнга харилцан ярилцаж байх, бие биенээсээ юу ч нуухгүй, ямар ч хэцүү зүйл тохиолдсон бие биенээ урамшуулан дэмжих, бие биедээ үнэнч байх, бие биеэ халамжлах, тэжээх, туслах, эрх тэгш байх гэх мэтийн олон зүйлүүд гэр бүлийн харилцааг тогтворжуулан бэхжүүлнэ. Эцэг эх гэр бүлийнхээ ирээдүй болсон хүүхдүүддээ маш чухал үлгэр дуурайл болж өгдөг. Эцэг эх хүүхдээ багаас нь яаж хүмүүжүүлж, яаж үлгэр дуурайл болно хүүхдүүд том болоод тиймэрхүү хүмүүжилтэй, арга барилтай болдог. Тиймээс үр хүүхдүүдээ багаас нь зөв төлөвшүүлэн хүмүүжүүлэх хэрэгтэй бөгөөд хүүхдүүд эцэг эхтэйгээ нэг гэрт амьдардаг учраас эцэг эхийнхээ хөдөлгөөн бүрийг харж, дуурайж, дүгнэлт хийж, өөрсдөө том болохоороо бас яг л тийм эцэг эх болно. Ер нь гэр бүлийн хүмүүжил гэдэг хожмын амьдралыг тодорхойлдог. Гэр бүлийн элдэв асуудлуудаас болж сэтгэл санаа, биеэрээ хохирсон хүүхдүүд ирээдүйд амьдралд хатуурхсан, томчуулд гомдсон, сэтгэлдээ гүн шархтай байдаг. Тэдний зарим нь амьдралын хүнд хатууг мэдэрч өссөн учир бусдыг сайн ойлгодог, харин ихэнх нь амьдралыг хар бараан талаас нь хардаг. Харин сайхан гэр бүлд юугаар ч дутахгүй өссөн хүүхдүүдийн ихэнх нь том болоод амьдралаа яг тиймэрхүү байдлаар авч явахыг хүсдэг бөгөөд “Миний эцэг эх намайг ингэж сайхан өсгөж, хүмүүжүүлсэн байхад би бас өөрийн хүүхдүүдээ ээж аав шигээ өсгөж, хүмүүжүүлэх ёстой” гэсэн зорилготой, түүндээ хүрэхийн төлөө тэмцдэг. Харин нөгөө талаас ийм гэр бүлд өссөн хүүхдүүдийн зарим нь буруу замаар явж, дэндүү хангалуун өссөнөөсөө болж бардам болдог. Энэ бүхнийгээ дүгнэвэл гэр бүлийн сайн сайхан амьдрал нь баян чинээлэг, элбэг дэлбэг хоол хүнстэйгээс ч биш хамгийн гол нь зөв хүмүүжил юм.

Улс орон хүчирхэг болохын тулд гэр бүлийн амьдралыг бэхжүүлэх хэрэгтэй. Төр засаг гэр бүлийн амьдралыг бэхжүүлэхийн тулд тодорхой хэмжээгээр халамж тэтгэмж олгож сайн сайхан амьдрахад нь тус дэм болдог. Жишээ нь: Айл өрх хүүхдээ эрүүл өсгөж, мэдлэг боловсролтой, эх орондоо хэрэгтэй хүн болгон хүмүүжүүлэхэд нь зориулж хүүхдийн мөнгө, ямар нэг байдлаар хөгжлийн бэрхшээлтэй болсон хүмүүст амьдралд нь нэмэр болохын тулд тэтгэмжийн мөнгө, улс орон, гэр бүлдээ зориулдгаа зориулж, хийгээд өндөр насны тэтгэвэртээ гарсан хүмүүст тэтгэврийн мөнгө, жирэмсэн эхчүүдэд хүүхдээ эрүүл саруул төрүүлэхэд нь зориулж тэтгэмжийн мөнгө, хүүхдээ төрсний дараа хүүхдийг эрүүл саруул өсгөхөд нь зориулж хүүхэд асарсны мөнгө зэргийг олгодог. Бас тодорхой хэмжээгээр харж хандах шаардлагатай хүмүүст зориулж төр засгаас өвлийг өнтэй сайхан, дулаан даваг гэж түлээ нүүрс буюу түлээ нүүрсний мөнгө, өөр бусад багууллагуудтай хамтарч хувцас хунар, гурил будаа тараах гэх мэт тусламж дэмжлэгийг үзүүлдэг. Мөн улсын ирээдүй болсон хүүхдээ мэдлэг боловсролтой, зөв хүмүүжилтэй, улс эх орноо авч явах иргэд болгохын тулд улсын сургууль, цэцэрлэгүүд үнэ төлбөргүй байдаг. Тиймээс эцэг эх хүүхдийг мэдлэг боловсролгүй, сургууль соёлгүй орхиж болохгүй. Улсаас тэтгэвэр тэтгэмж авдаггүй айл өрх гэж байхгүй учраас эргээд эх орондоо ямар ирээдүй бэлтгэж өгөх вэ гэдэг эцэг эхийн үүрэг хариуцлага мөн.

Би энэ  төслийн хүрээнд явагдаж байгаа сэдвүүдээс олон зүйл сурч авч байна. Энэхүү сурсан зүйлсээ бусадтай хуваалцахгүй бол мөхсөн тэнгис мэт миний мэдэж  сурсан зүйлс хэнд ч хэрэггүй болно. Тиймээс бусадтай мэдэж сурсан зүйлсээ  хуваалцах хэрэгтэй. Хамт ажилладаг хүмүүс, бусад таних мэдэх хүмүүст, эргэн тойрныхоо хүмүүст гэр бүлийн талаар ямар нэг асуудал гарвал сэтгэл санаагаар дэмжих, зөвлөгөө өгөх, мэдэхгүй чадахгүй зүйл дээр нь ярилцах гэм мэтээр тусална. Мөн би өөрөө ямар нэг асуудалтай байвал, өөрт гарсан асуудлаа шийдэж чадаагүй бол бусдад тусалж чадахгүй. Тиймээс тэдгээр хүмүүст үлгэр дуурайл болох, бас зүгээр нэг хий хоосон ярих биш тэдгээр хүмүүсийг асуудлаа зөвөөр шийдэхэд нь, бодит амьдрал дээр нь хөтлөн дагуулах хэрэгтэй. Гэхдээ би бол хүн учраас өөрөө ч гэсэн тийм төгс сайн биш, алдах зүйл ч бас гардаг. Харин хүний амьдралын олон ээдрээтэй асуудлуудыг мэддэг, хүний амьдралын хүнд хэцүү бүхнийг туулан гарсан Цорын Ганц Амьд Бурхан надтай хамт байдаг. Тиймээс би тэдгээр хүмүүсийг өөрийнхөө хүчээр дагуулан явж чадахгүй боловч хамгийн гол хийж чадах зүйл маань тэдний төлөө Бурханд хандан залбирах юм.

2.     Хүүхдийн эрх гэж юу вэ? Зарим нэгээс нь нэрлэнэ үү. Та одоо өөрийнхөө хот эсвэл хөдөө орон нутгаа  үнэлж үзээрэй. Таны орчин тойрны  нөхцөл байдалд хүүхэд ямар бэрхшээлүүдтэй тулгарч  байна вэ? Монголд ямар арга замаар хүүхдийн эрх зөрчигдөж, хүчирхийлэлд өртөж байна вэ? Жишээ гаргаарай. Эдгээр хүүхдүүдэд туслахын тулд юуг  хийж болох вэ? Хүүхдийг хэрхэн ёс суртахуунтай хүн болгон хүмүүжүүлэх вэ?

Манай улс  НҮБ-ын хүүхдийн эрхийн конвенцод 1980 онд  нэгдсэн. НҮБ-ын Хүүхдийн эрхийн конвенцийн үндсэн дөрвөн зарчим бий. Үүнд: эсэн мэнд амьдрах ба хөгжих, үл ялгаварлах, хүүхдийн оролцоо, хүүхдийн дээд ашиг сонирхол юм. Эдгээр зарчмууд нь хүүхдийн нөхцөл байдал болон тэдний өсөн хөгжиж буй  чадварыг харгалзан үзэхийн зэрэгцээ хүний эрхийн зарчмуудад тулгуурласан байна. Өөрийнхөө эргэн тойрны байдлыг ажиглахад хүүхдийн эрх байнга зөрчигдөж байдаг. Хүүхдүүд үг хэлэх эрхгүй,  санаа бодлоо хуваалцах чадваргүй эцэг эх, улсын мэдэлд байдаг. Жишээ нь: Гэр бүлийн орчинд: Хүүхдийг багаас нь хэрээс нь хэтэрсэн ажил хийлгэх (бага насны хүүхдийг өөрөөс нь том сав бариулаад усанд явуулах, эрэгтэй хүүхдийг түлээ хагалуулах, хөдөө бол өвлийн хүйтэнд малд явуулах гэх мэт), хүүхдэд дэндүү их үглэж янших, хүүхдээ өөр шигээ байлгах гэж зүтгэх (би чиний насан дээр ийм байгаагүй, чи яахаараа үүнийг хийж чаддаггүй юм бэ, чи хэнийг дуурайсан хүүхэд вэ, одоо сурахгүй бол хэзээ сурах вэ гэх мэт), өөрийн хүүхдийг бусдын хүүхэдтэй жиших, хүүхэд хойд эцэг эхтэй болсноор ихэнх тохиолдолд гадуурхагддаг гэх зэрэг олон хүчирхийлэл гэр бүлийн дотор байнга гарч байдаг. Сургуулийн орчинд: багш хүүхдийг ялгаварлах (баян ядуу айлын хүүхэд, өмссөн хувцас хунар, авъяас чадвараар нь), дургүй хүүхдээ дүнгээр нь боох, айлган сүрдүүлэх, үеийн хүүхдүүд нэг нэгнээ сул талаар дооглох, элдвийн нэр хоч өгөх гэх мэт. Олон нийтийн газарт: хүүхэд дэлгүүрээс талх авахад хатсан, хоносон талх өгөх, автобусанд хүүхэд сандал дээр сууж байвал загнаж байгаад босгон өөрсдөө суух гэх мэт. Сүүлийн үед хүүхдийг бүлэглэн зодох, хуурч байгаад эд зүйлийг нь авах, хүүхдийг хулгайлан хил давуулж наймаалах гэх зэргээр хүүхдийн эрхийг үл тоомсорлодог зүйл тоочоод байвал барахааргүй  их болж байна. Ийм байдалд байгаа хүүхдүүдэд туслах хэцүү. Хүүхдүүд хичнээн эрхээ мэдлээ гээд томчууд, эцэг эхчүүд нь тэднийг дэмжихгүй, ойлгохгүй бол ямар ч нэмэргүй. Хүүхэд насанд хүртлээ эцэг эх, асран хамгаалагчийн мэдэлд байдаг. Тиймээс эцэг эх, асран хамгаалагч нарыг нь ямар нэг байдлаар боломжтой бол сургалт семинарт хамруулах, лекц унших, олон нийтийн мэдээллийн хэрэгслээр томчуулд зориулан сонирхолтой хичээл явуулах хэрэгтэй. Мөн эцэг эх, хүүхдэд буюу гэр бүлд зориулсан цуврал хичээлүүд хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр түлхүү гаргах нь зүйтэй. Хэрвээ энэ нь томчуулд нөлөөлж, үр дүнгээ өгч, хүүхэдтэй хэрхэн харьцахаа сурвал эргээд тэд хүүхдүүдэд сайнаар нөлөөлж, үлгэр жишээ болно. Ажлын газар болон сүм чуулган нь бас энэ талаар тодорхой мэдээлэл өгч, хичээл сургалтанд хамрагдахад нь тусалбал сайн. Яагаад гэвэл аливаа нэг сүм чуулган, байгууллага нь нэг хамт олныг бүрдүүлдэг бөгөөд тэдний хэн нэг нь гэр бүлдээ асуудалтай байвал хамтран ажиллагчид нь хэцүү байна, тэр хүн ч тайван ажлаа хийж чадахгүй. Тиймээс гэр бүл бол нийгмийг бүрдүүлэгч үндсэн нэгж болдог бол хүүхдүүдийн зөв хүмүүжил нь гэр бүлийн үндсэн тогтолцоо мөн. Тиймээс  ч хүүхдийг  багаас нь зөв хүмүүжүүлэх нь эцэг эх, асран хамгаалагчийн үүрэг бөгөөд томчууд өөрсдөө үүргээ ухамсарлаж, улс орны ирээдүй болсон хүүхдүүдэд үлгэр жишээ болох ёстой. Ямар ч хүн хүүхдээ муу хүн болоосой гэж хүсэхгүй, харин сайн хүн болоосой л гэж хүсдэг. Харин хүүхэддээ хандах арга нь ихэвчлэн буруу байдаг. Хүүхэд бүр адилгүй байдаг. Нэг айлын хүүхдүүд гэхэд л зан араншин, насны ялгаа, авъяас чадвар, удаан хөдөлгөөнтэй ноомой хүүхэд, хурдан хөдөлгөөнтэй сэргэлэн хүүхэд, сэтгэн бодох чадвар гэх мэт ялгаатай. Тиймээс хүүхэд бүрт тохируулан харьцах хэрэгтэй, гэхдээ хэнийг нь ч ялгаварлаж, илүү дутуу хандаж болохгүй. Хүүхэд хүмүүжүүлэхэд сөрөг нөлөөтэй 10 аргыг дурдъя: 1. Хэт бөөцийлөхгүй байх – Энэ нь хүүхдийг бие даах чадваргүй, идэвхи санаачлагагүй болгодог. 2. Хэт үглэж яншихгүй байх – хэтэрхий их үглэж яншаад байвал хичнээн уран цэцэн үг хэлсэн хүүхэд хүлээж авах чадваргүй болно. 3. Өөлөхгүй байх – хүүхдийн хийсэн болгоныг өөлөөд байвал хүүхэд сэтгэл санаагаар унаж, өөрийгөө дэндүү дорд үзэн, үлбэгэр сур дорой болно. 4. Албадахгүй байх – хүүхдийг хийх дургүй зүйлийг нь, хийх дургүй үед нь хэт албадан хүчлэх хэрэггүй. 5. Алганы амт – энэ нь хүүхдээ хорсолтойгоор шийтгэх, бэртэж гэмттэл нь зодох гэсэн үг биш. Хүний үгийг авахгүй олон удаа зөрүүдлэх үед нь сургамж өгөхийн тулд хааяа алганы амт үзүүлэх. 6. Айлган сүрдүүлэхгүй байх – хүүхдийг айлган сүрдүүлж аливаа зүйлсийг хийж сургаснаар хожим нь дэндүү аймхай, бусдын гарыг харсан, өөртөө итгэлгүй болгодог. 7. Хахуулдахгүй байх – Юм хийлгэхдээ байнга шан харамж, өглөг өгснөөр алсдаа өчүүхэн жаахан зүйлийг ч мөнгөөр үнэлэн, бусдын гарыг харж, юу ч хийсэн дандаа ашиг хонжоо хардаг, өгөхийг мэдэхгүй, авахыг хүсдэг хүн болно. 8. Хүүхдийг хөндий өсгөх – хүүхэдтэй дотно биш харилцаатай бол хүүхэд эцэг эхээсээ хөндий, өнчин мэт өсөж, тусалж дэмжихийн ач тусыг мэдэхгүй болно. 9. Хатуу дүрэм журам хэрэггүй – хэрвээ хүүхэд багаасаа ягшсан дүрэм журам мөрдөөд сурчихвал зарим нэг сайн тал байдаг ч сөрөг тал ихтэй. Яагаад гэвэл хүүхэд үүнийг ингэж хийх ёстой гэж сурсан бол хойшид яг л тэр аргаар бүх зүйлийг хийхийг хүсдэг, зарим зүйл дээр уян хатан байж чадахгүй, бусдыг бас яг тийм байлгахыг хүсэж зөрчилдөж эхэлнэ. 10. Харьцуулах хэрэггүй – хүүхдийг дандаа хэн нэгэнтэй харьцуулснаар хүүхэд их зантай, онгироо болох, өөрийгөө бусдаас илүү дөвийлгөх, сайхан үгэнд дуртай, эсвэл дэндүү ноомой, өөрийн гэсэн бодолгүй, бусдын хараан дор байх сөрөг талуудтай. Тиймээс хүүхдийг цагаа олж магтан урамшуулах, сануулга өгөх, тохирсон арга хэмжээ авах, ухамсарлуулах хэрэгтэй. Хүүхдэд болохгүй зүйлийг нь хэлсэн бол болох зүйлсийг нь, муу талыг нь хэлсэн бол сайн талыг нь бас давхар тайлбарлаж өгөх хэрэгтэй. Хэтэрхий их муу зүйл яриад, эсвэл хэтэрхий их сайн зүйл яриад байвал хүүхэд үнэнээр хорвоог цэгнэн үзэж чадахгүй, аль нэг тийш хазайх болно. Энэ бүгдийн дээр Христэд итгэгчид бид хүүхдүүдээ эрдэм боловсролтой, ёс суртахуунтай хүмүүжүүлэхээс гадна хамгийн гол нь Бурханаас эмээдэг, Бурханд итгэмжит нэгэн болгон хүмүүжүүлэх чухал. Яагаад гэвэл хичнээн боловсролтой, ёс суртахууны өндөр харьцаатай байлаа гээд аврал үүгээр ирэхгүй, аврал зөвхөн Бурханаас ирдэг. Тиймээс Бурханаас эмээдэг хүүхэд жинхэнэ ёс суртахуунтай хүн мөн. Жишээ нь: Хуучин гэрээн дээр Ели зөнчийн тухай гардаг. Ели өөрөө Бурханд итгэмжит сайн зөнч байсан боловч хүүхдүүд нь Бурханд итгэдэггүй, үл бүтэх хүмүүс байсан бөгөөд тэрээр хүүхдүүдээ зөв хүмүүжүүлж, Бурханаас эмээхэд сургаагүй. Бурханаас эмээх нь ёс суртахуунтай хүмүүжлийн үндэс суурь юм.

Сэтгэгдэл үлдээх

{ Сүүлийн хуудас } { 17 -р хуудас Нийт хуудасны тоо: 22 } { Дараагийн хуудас }

Миний талаар:

Нүүр хуудас
Миний танилцуулга
Бичлэгийн сан
Найзууд
Зургийн цомог

Холбоосууд

bujee
bob
munhtuya
gantulga
ch.boldoo
soyombo
monjig
ganaa
altnaa
buyanaa
h.altaa
buj
enhbold

Ангилалууд

ñóðàã÷äàä ºãºõ зөвлөмж
Судалгаа
сургалтын хэрэглэгдэхүүн
цахим хичээл
видео хичээл
гэрийн даалгавар
эцэг эхчүүдэд өгөх зөвлөмж
мэдээ мэдээлэл
Бие даалт
Цахим ном

Сүүлийн бичлэгүүд

Цахилгаан схем
соронзон орон
Цахилгаан хэлхээ
соронзон
Хүчний хэлбэрүүд/9-р анги/
10-р анги /Механикийн физик үндэс/
Физик
Цахилгаан орны хүчлэг
Цахилгаан
ЭЕШ-д бэлтгэгчдэд/Механик/
хүүхдийн тоглоом сонгоход физикийн мэдлэг хэрэгтэй юу?
физик гэж юу вэ?
9-р анги цахилгаан
11-р анги
Физикийн Ерөнхий Шалгалтанд бэлтгэгчдэд өгөх зөвөлгөө

Найзууд

сургалтын блог Сургалтын блог altnaa



:-)
 
xaax